Кюүшюү башёд зургааны зиндааны нэгд нь монгол бөх түрүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил 42 насандаа “Дайчин бөхийн шагнал” хүртэж, озэки Киришима Б.Лхагвасүрэн тухайн жилийн хамгийн олон даваа авсан бөхөөр тодорчээ.
Тэгвэл Өнгөрсөн жилийн Японы оюутны ёкозүна болж байсан Ваканофүжи Т.Бөхчулуун хүнд бэртлийн дараа дохёд эргэн ирээд санданмэ зиндаанд түрүүллээ. Түүний хувьд хоёр дахь зиндаандаа түрүүлж байгаа нь энэ. Хоёр башё өнжсөн түүний хувьд санданмэгийн 14 дэх бөх Дэнүмагаар ялалтын даваагаа авчээ.
Энэ башёд барилдсан манай 22 бөхөөс 18 нь качигоши хийсэн байна. Үүнээс озэки Киришима 10 даваатай дуусгав. Тэрбээр 2026 оны зургаан башёд нийт 65 даваа авсан бөгөөд энэ амжилтаараа хамгийн олон даваа авсан бөхөөр тодорч цомын эзэн болжээ.
Тэгвэл макүүчид эргэн ирсэн Тамаваши Б.Мөнх-Оргил 42 насандаа 10 даваатай качигоши хийгээд зогсохгүй “Дайчин бөхийн шагнал”-ыг хоёр дахь удаагаа хүртлээ.
Бэртлийн улмаас энэ онд зорилгодоо хүрч чадаагүй 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн есөн даваатайгаар башёг дуусгав. Тэрбээр 10 дахь өдрийн барилдаанаас хойш дөрөв дараалан давсан ч өчигдөр өвдөг шороодсон. Олон кинбоши алдсаны дараа “Би замын дундаас гарахгүй. Өөрөөс гарах бүх хүчээ дайчлан башёг дуусгана” хэмээн мэдэгдэж байсан Хоошёорюү С.Бямбасүрэн ирэх онд илүү эрч хүчтэй ирнэ гэсэн байна.
Макүүчи зиндаанд барилдсан манай есөн бөхөөс долоо нь качигоши хийсэн бол Оошёома П.Дэлгэрбаярт ганцхан даваа дутлаа. Шинэ оны анхны башёд 10 бөх макүүчид барилдах нь ээ. Жонидан зиндаанд барилдсан Жошоюү А.Сосорхүү долоон даваатай башёг дуусгажээ.