Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Баруунбүрэн суманд байрлах “Мимо агро парк”-ийн малын тэжээлийн үйлдвэрийн хамт олонтой уулзав.
Өнгөрсөн онд хоногт 50-150 тн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр ашиглалтад орж, “Мимо” брэндийн эрдэст премиксийн 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдэсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг. Эрдэст тэжээл нь махны гарцыг нэмэгдүүлэхээс гадна малд тарга хүч оруулах, өвөл, хаврыг малын хорогдолгүй давахад үр дүнтэй болох нь туршилтаар батлагджээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор 25-30 ажлын байр шинээр бий болсон байна.
“Мимо агро парк” нь газар тариалан, малын тэжээл, эрдэс нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг уялдуулсан хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл бий болгохыг зорьж байгаа юм.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт үйлдвэрлэл хөгжиж байгаа нь газар тариалан, мал аж ахуйн салбарын уялдаа холбоо бэхжих, ургацад нэмүү өртөг шингээх, малчдыг чанартай тэжээлээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой гэж орон нутгийн удирдлага үзэж байна.