Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны үндэсний төв, Эрүүл мэндийн яам хамтран тус сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтад ЭМЯ-ны БХГ-ын дарга Б.Цэцэгсайхан оролцож, зүрх судасны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, зүрх судасны өвчлөл, хүндрэл, нас баралтыг бууруулахад урьдчилан сэргийлэлтийн хөтөлбөрийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөр, хичээл зүтгэл болон одоогоос 25 жилийн өмнөөс зүрх судасны салбарт хэрэгжиж эхэлсэн Люксембургийн Засгийн газрын 5 удаагийн буцалтгүй тусламжийн төслүүдийн хөрөнгө оруулалт, мэргэжилтнүүдийг чадавхжуулах тасралтгүй үйл ажиллагааны үр дүнд сүүлийн 20 жилд 10,000 хүн ам дахь ЗСӨ-ний нас баралтыг 8 пунктээр бууруулж чадсан.
Гэсэн хэдий ч улсын хэмжээнд ЗСӨ тогтмол өсөн нэмэгдэж, нас баралтын тэргүүлэгч шалтгаан болохын зэрэгцээ зүрх судасны нас баралтын 33 хувь нь 45-65 насныханд тохиолдож байгаа нь салбарын тулгамдсан асуудал болсоор байгааг онцоллоо. ЗСӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлтийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлснээр зүрх судасны өвчлөл, хүндрэл, нас баралтыг бууруулахад гол зорилго оршиж буйг дурдлаа.
Энэхүү уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд (Эрүүл мэндийн газрын дарга, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, орлогч дарга нар, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн удирдлагууд), бусад холбогдох нийгэмлэг, холбоодын дарга нар, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд оролцож, ЗСӨУС арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хэрхэн үр дүнтэй хангах талаар хэлэлцүүлэг хийлээ.
Түүнчлэн УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир уулзалтад оролцож, ЗСӨ-с урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний ач холбогдлын талаарх өөрийн байр суурийг илэрхийллээ. Мөн ЗСҮТ-ийн дарга Н.Лхаасүрэн, ЗСҮТ-ийн зөвлөх Д.Мөнгөнчимэг нар илтгэл танилцууллаа.