Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс уул уурхай, эрдэс баялгийн салбарын эрх зүйн зохицуулалт, байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй үйлчилгээний явц дахь нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, авлигын эрсдэлийг тодорхойлж, илэрсэн нөхцөл байдалд үндэслэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд зөвлөмж хүргүүллээ.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгоход сонгон шалгаруулалтын журмыг баримтлах талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй, мэргэжлийн шаардлага хангаагүй оролцогч өндөр үнийн саналын оноогоор шалгарч байгаа нь авлигын эрсдэлийг үүсгэдэг, зарим зарлагдсан сонгон шалгаруулалтын талбайн хэмжээ нь тусгай зөвшөөрөл олгосон талбайн хэмжээнээс зөрүүтэй, баримт бичгийг шүүж дүгнэлт гаргахад хүний оролцоо давамгай байгаа нь ашиг сонирхлын зөрчил бий болгох эрсдэлтэй, татвар төлөх үүргийн хэрэгжилт хангалтгүй, удирдлага ба хяналт, тайлагналтын чиг үүргийн давхардал үүсгэсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
Үүнтэй холбогдуулан дээрх авлигын эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл, шалтгааныг арилгах зорилгоор ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, техникийн саналыг үнэлэх босго оноо тогтоох асуудлаар холбогдох арга хэмжээ авах, сонгон шалгаруулалтын журмаар олгохоор зарласан болон тусгай зөвшөөрөл олгосон талбайн хэмжээний талаарх зөрүүтэй байдлыг нягтлах, бүртгэл мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, хяналтыг сайжруулах, сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах, тусгай зөвшөөрөл олголт, шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үнэн зөв байдлыг хангаж, хуульд нийцсэн эсэхэд тавих хяналтыг чангатгах, тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх, түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олголт, бичил уурхайн талбайд дүгнэлт гаргах, газрыг тусгай хэрэгцээнд авах, гэрээ байгуулах ажиллагаанд байгууллага хоорондын уялдаа, хяналтыг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэлийн мэдээлэл болон татварын тайлагналтын холбоог хангах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ба тэдгээрийн үр дүнд хараат бус үнэлгээ, аудит хийх чиг үүргийг зохих түвшинд хэрэгжүүлэх зэрэг 11 зүйл асуудлаар зөвлөмж хүргүүлэв.
Зөвлөмжид дурдсан арга хэмжээг хэрэгжүүлж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу биелэлт, үр дүнг 2026 оны 12 дугаар сарын 10-ны дотор Авлигатай тэмцэх газарт хариу ирүүлэхийг даалгасан байна.