Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцлээ.
Хуралдааныг ЗГХЭГ-ын дарга, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жим А нар даргалж, холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү хуралдааны үеэр дараах асуудлыг хөндөн ярилцаж, харилцан санал солилцлоо. Үүнд:
• Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр;
Солонгос Улс нь Монгол Улсын худалдаа хөрөнгө оруулалтын чухал түнш бөгөөд хоёр орон байгаль орчин, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хамтарсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйг Б.Энхбаяр сайд тодотгоод цаашид хоёр улсын бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, БНСУ-ын тодорхой салбар тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын стандарт болон сайн жишгийг Монголд нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
• Чухал ашигт малтмал, аж үйлдвэрийн чиглэлээр;
Монгол, Солонгос хоёр улс стратегийн ач холбогдол бүхий ховор металлын салбарт хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 2025 онд “Монгол Солонгосын ховор металлын хамтарсан судалгааны төв” -ийг байгуулсан. Тус төвийн үйл ажиллагааг тогтворжуулах нэн шаардлагатай хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэх, сургах чиглэлд талууд санал солилцлоо.
• Иргэдийн оролцоо, харилцан зорчих эрхийн чиглэлээр;
Монгол, Солонгос орон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хурдан, шуурхай, хүндрэлгүй болгох чиглэлд хэд хэдэн асуудлыг Хамтарсан хорооны хуралдааны үеэр ярилцав. Тухайлбал, Монголын талаас Солонгосын виз мэдүүлэхэд шат дамжлага ихтэй, давхар төлбөр төлж буйг зогсоох, виз мэдүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх замаар иргэдэд төвөггүй болгох хүсэлтээ илэрхийлэв. Хоёр орны иргэдийн шуурхай зорчих хамтарсан замын зураглал гаргаж, энэ хүрээнд яриа хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр боллоо.
• Хамтарсан төсөл хөтөлбөрийн чиглэлээр;
Хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Солонго 1,2” хороолол, “Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих” төслүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг И Тэ Жүн эмчийн нэрэмжит болгох Засгийн газрын шийдвэр гарсныг Солонгосын талд танилцуулж, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулах чиглэлээр үргэлжлүүлэн нягт ажиллах саналыг Монголын талаас хөндөв.