УИХ-ын гишүүн Г.Хосбаяр Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, олон нийтийн саналыг авахаар 2026 оны 10-р сарын 26-ны өдөр D.Parliament-д байршуулжээ.
Тогтоолын төслийн үзэл баримтлалд төслийг байгалийн гэрэлтэй цагийг үр ашигтай ашиглах, иргэдийн ажил, амралтын зохистой хуваарийг дэмжих, дулааны улирлын эдийн засаг, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор боловсрууллаа. Монгол Улс зуны цагийн тооллыг өмнө хэрэглэж байсан. Архивын материалд 1983, 1985 оны шийдвэрүүдээр хэрэглэж байсан бол 2001, 2015 онд сэргээж, 2007, 2017 онд зогсоожээ. Энэхүү туршлагад тулгуурлан жил бүрийн тогтмол хуваарь, урьдчилсан бэлтгэл, хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгав хэмээн дурджээ.
Төсөлд дурдсанаар 2027 оноос эхлэн жил бүрийн 3-р сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж, 9-р сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар буцаан стандарт цагт шилжүүлнэ. Ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөнө.
Анх шилжихээс 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлж, цаашид цаг өөрчлөгдөх бүрд урьдчилан сануулна. Хэрэгжилтийн үр дүнг тогтмол үнэлж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавина. Ингэснээр зуны цагийн тооллыг жил бүр шинээр шийдвэрлэхгүйгээр урьдчилан тодорхой хуваарийн дагуу хэрэгжүүлж, иргэдийн өдөр тутмын амьдрал, байгууллагын төлөвлөлт, улирлын эдийн засгийн үйл ажиллагааг байгалийн гэрэлтэй цагтай илүү үр ашигтай уялдуулна гэж үзэж байна гэжээ.