Зам, тээврийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), Солонгосын Тээврийн хүрээлэн (KOTI), Хөдөлгөөний аюулгүй байдлын корпорац (KoROAD) хамтран “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийг шинэчилсэн бол өнөөдрөөс Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Ийнхүү тоног төхөөрөмжийг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлснээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа болон хорт утааны ялгарлыг орчин үеийн дижитал технологиор илүү нарийвчлалтай, хурдан шуурхай оношлох боломж бүрдэж байна.
Түүнчлэн төслийн хүрээнд автотээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн нэгдсэн шинэ систем хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг цогц ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа юм.