2026.11.24 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Нийслэлийн төсөв 2027: Урсгал зардалд 2.4 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ.

Хуралдаанд, нийслэлийн 2027 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очир танилцуулав.

Улсын төсвөөс нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд 57.7 тэрбум төгрөг хуваарилсан бол Улаанбаатар хот 420.5 тэрбум төгрөг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг боловсруулах явцад хийсэн нийгмийн танадалтын судалгаагаар иргэд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар агаарын бохирдол, автозамын түгжрэлийг нэрлэсэн байна. Харин бодлогын шийдвэр гаргахдаа, иргэдийн халааснаас шууд мөнгө татах замаар асуудлыг шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.

ОРЛОГО 4.8 ИХ НАЯД ТӨГРӨГ, ЗАРЛАГА 4.8 ИХ НАЯД ТӨГРӨГ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очирын танилцуулснаар, нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.8 их наяд төгрөгийн орлого, зарлагын суурин дээр боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, 4.8 их наяд төгрөгийн орлого, 4.8 их наяд төгрөгийн зарлагатайгаар төсөвлөжээ. Нийслэлийн төсвийн урсгал зардал 2.4 их наяд төгрөг бол хөрөнгийн зардалд 1.5 их наяд төгрөгийг тусгажээ.

Төсвийн орлогын хувьд нийслэл, дүүргийн татварын орлого өссөн хэдий ч хуулийн дагуу ХАОАТ-ыг сарын 790 мянган төгрөгөөс доош орлогод суутгахгүй, үл хөдлөхийн татвар буурсан зэргээс шалтгаалан татварын орлого 400 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна.

Орлого дээр тодорхой хэмжээний эрсдэл үүссэн ч нийслэлийн захын 3 дүүрэгт олгох татаасыг нэмэгдүүлсэн аж. Төсвийн зарлагын хувьд, нийтийн тээврийн татаас, хот тохижилт, зээлийн хүү, хагас коксжсон нүүрсний худалдан авалт зэрэг томоохон зардлууд нийт зардлын 70 орчим хувийг эзэлж байгаа юм.

Хот тохижилтын зардал өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн бөгөөд нийслэлийн 6 бүст цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна. Хагас коксжсон нүүрсний худалдан авалтад 400 тэрбум төгрөг тусгасан гэв. Харин ирэх хаврын нөөцийн мах бэлтгэх ажлын хүрээнд 30 орчим тэрбум төгрөг тусгасан гэв.

Хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхдээ, нэгдүгээрт өмнөх онуудад эхлүүлсэн ажлыг дуусгах, хоёрт, хөгжлийн бодлогод туссан, бэлтгэл ажил бүрэн хангагдсан төслүүд, гуравт нийслэлийн хөгжлийн бодлогын тэргүүн эгнээнд байгаа их багтаамжийн тээврийн хэрэгслийг хөгжлүүлэх зардлыг тусгах зарчмыг баримталсан байна.

Ингэснээр нийт 292 төсөл арга хэмжээнд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Үүнд, сургуулийн барилга байгууламжид 116 тэрбум, эрүүл мэндийн салбарт 45 тэрбум, хот байгуулалтад 43 тэрбум, төрийн үйлчилгээнд 22 тэрбум гэх мэтээр төсөвлөжээ. Нийслэл газар чөлөөлөлтийн төлбөрт 200 тэрбум төгрөг олгохоор төсөвт суулгасан байна.

483 МЯНГАН ИРГЭНИЙ 790 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ОРЛОГООС ХАОАТ-ЫГ ЧӨЛӨӨЛНӨ

“Иргэн төвтэй төсөв” гэж 2027 оны төсвийн төслийг онцолж байгаа юм. Тухайлбал, ирэх оны төсөвт хуулийн дагуу 483 мянган иргэний 790 мянган төгрөг хүртэлх орлогоос ХАОАТ-ыг чөлөөлж байгаа аж. Мөн ирэх жилийн хувьд дүүргүүддээ боломж олгож, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 130 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан.

Нийтийн тээврийн хувьд 2026-2027 оны өвлийн улиралд 137 чиглэлд 1172 тээврийн хэрэгсэл үйлчилнэ гэж тооцсон. Ингэснээр машин цагийн татаас нэмэгдэж байгаа аж.

Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 2026 онд 50 хувь нэмэгдсэн, төрийн захиргааны албан хаагчдынх 2027 онд 20 хувь нэмэгдэхийг нийслэлийн төсөвт нэмж тооцсон байна.

Хөрөнгө оруулалтын хувьд 2027 онд 32 сургуулийн асуудлыг шийдвэрлэхээр төсөвлөжээ. Үүнд, 12 сургууль ашиглалтад орж, ойролцоогоор 5100 гаруй хүүхдийн асуудал шийдэгдэнэ. Түүнчлэн 4100 гаруй хүүхдийн суудалтай 9 сургуулийн барилга шинээр эхлүүлнэ. Мөн 1800 ортой 11 цэцэрлэг ашиглалтад орно. 39.8 км авто замын ажлыг үргэлжлүүлж ашиглалтад оруулна. 48.4 км автозамыг засварлана гэх зэргээр төсөл арга хэмжээг тусгасан гэдгийг тайлбарлав.

Гадаад, дотоод бондыг Засгийн газрын хязгаарт багтаана гэж төлөвлөсөн учраас төсвийн тодотголын тоог бууруулах боломжтой гэж үзсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Б.МӨНХБАТ: НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ 1000-ААР ЦӨӨЛНӨ

Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлтэй холбогдуулан НИТХ-ын Зөвлөлийн гишүүдээс асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан юм.

НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг,Орон нутгийн өмчит төсвийн байгууллагуудыг нэн яаралтай цэгцлэхгүй бол урсгал зардалд багагүй хувийг эзэлж байгааг анхаарах шаардлагатай гээд сургууль, цэцэрлэгийн эрэлт хэрэгцээг хэрхэн тодорхойлсон талаар лавласан юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат,2027 оны төсвийг “Иргэн төвтэй төсөв” хэмээн онцолсны учир нь төсвийн төслийг иргэдийн хүсч байгаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж боловсрууллаа. Энэ хүрээнд агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ойртуулах чиглэлд анхаарч ажилласан. Ирэх жил нийслэлийн хэмжээнд байгаа орон нутгийн өмчит байгууллага болон компаниудыг нэгтгэж нийлүүлэх, татан буулгах зохицуулалт хийнэ. Энэ хүрээнд нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар бууруулахаар тооцож байна. Ингэснээр төрийн алба цомхон, зөв, оновчтой болох зохион байгуулалт хийсэн гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн,Газар чөлөөлөлтийн төсвийг хэрхэн хуваарилсан тухайд болон захын дүүргүүдийн газар чөлөөлөлт, Налайх дүүргийн шалган нэвтрүүлэх постыг нүүлгэн шилжүүлэх ажил төсөвт туссан эсэхийг тодруулав.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат,Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар чөлөөлөлтийн ажлыг эрэмбэлж, дараагийн зохион байгуулалтыг хийнэ гэв.

НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа,Нийслэл шинээр байгуулсан төслийн нэгжүүдийг хэрхэн хумьсан бэ, үр дүнг тооцсон уу, ирэх хаврын махны нөөцийг бүрдүүлж чадах уу, эмнэлгийн хүртээмж, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд төсвийг хэрхэн хуваарилсан талаар тодруулж, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны газар чөлөөлөлтийг нийслэлийн газар чөлөөлөлтийн төлөвлөгөөнд хэрхэн тусгасныг асуусан юм.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр,төсөвлөсөн хөрөнгө оруулалтын дүнд сургууль, цэцэрлэгийн суудлын тоо хэдээр нэмэгдэж, багшийн ачаалал хэрхэн буурахыг нарийвчлан тооцсон эсэх, мөн эмнэлгийн орны тоо хэдэн хувиар нэмэгдэх талаар нэмж тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат,Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүд болон төслийн нэгжүүдийн үр дүнг хэлэлцэж, цөөлнө. Махны нөөцийг бүрдүүлэхээр аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, гэрээг хийсэн. Одоогоор мах бэлтгэлийн ажил 85 хувьтай байгаа. Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг ирэх жил үндсэндээ шийдвэрлэнэ. Дүүргийн эмнэлгүүдээс ирсэн хүсэлтээр диализын аппаратны төсвийг бүрэн суулгасан гэдгийг онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа,Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй газар чөлөөлөлтийн ажлаа уялдуулах шаардлагатайг анхааруулсан.

НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯР: 140 КМ ДУГУЙН ЗАМАА БҮРЭН ТАВИХ БОЛОМЖИЙГ СУДАЛСАН УУ

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан,Нийслэлийн төсвөөр ажил гүйцэтгэж байгаа байгууллагуудад тавих хяналтын системийн хэрхэн сайжруулах вэ, нийслэл хүнсний агуулах сав бэлтгэх ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ гэдгийг тодруулсан юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат,нийслэлийн төсвөөр гүйцэтгэж байгаа ажилдгүйцэтгэлийн хяналт тавьж байгаа төсөвт байгууллагуудад менежмент хийж, шинэчилнэ. Мөн чанаргүй ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар тооцсон. Хүнсний агуулахын хувьд хэлцлийн түвшинд асуудал явж байна гэлээ.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр,нийслэлд скүүтер, мопедоор явган хүний зам дээр зорчсоноос үүдэж гарсан осол гэмтлийн тоо сүүлийн жилүүдэд эрс өссөн. Энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. 2026 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжсэн хуульд нийцүүлж ажилла гэхээр дугуйн замын асуудал бүрэн шийдэгдээгүй байдаг. Тиймээс ирэх онд дугуйн зам тавихад хэдэн төгрөг тавьсан бэ гээд ХАОАТ буурсан, цалин нэмэгдсэнтэй холбоотой төсөвт ямар зөрүү үүсч байгааг тодруулав.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат,Ирэх онд 50 км дугуйн болон өөрөө явагч хэрэгслийн зам тавихаар төсөвт суулгасан. Нийслэлд нийт 140 км зам шаардлагатай ч ирэх онд 50 км замыг шинэчлэнэ.

ХАОАТ болон холбогдох татвар буурч байгаатай холбоотой орлого буурсан. Гэхдээ цалин нэмэгдсэнтэй холбоотой зөрүү төдийлэн өндөр гарахгүй гэсэн хариулт өгөв.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр,Скүүтер мопедоос үүдсэн осол аваар нь хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж, эмнэлгийн ачааллыг ч нэмж байна. Тэгэхээр энэ замыг шийдвэрлэхэд дагаад олон асуудал шийдэгдэх учраас ирэх ондоо 140 км замаа бүрэн хийх боломж бололцоог судалсан эсэхийг тодруулахадНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат,газар чөлөөлөлтийг шийдсэн, зураг нь бүрэн гарсан 50 км замын асуудлыг эхний ээлжинд шийдэхээр төсөвт тусгасан гэв.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр,Нийслэлийн 2027 оны төсвийн төсөл бол 2026 онтой харьцуулахад төсвийг 600 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан, тодорхой татварууд буурсан, дүүргүүдээс төвлөрөх орлогыг бууруулсан, он дамжсан төсөл хөтөлбөрийн ажлыг дуусгасан “Иргэн төвтэй төсвийн төсөл” болсон гэдгийг танилцуулгад онцолсныг дурдсан юм. НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын Ээлжит бус XV хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.


Сэтгэгдэл 0
0/1000
Чингис хаан үндэсний музей Москва хотноо эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
22 мин өмнө 2
Нийслэлийн төсөв 2027: Урсгал зардалд 2.4 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг төсөвлөжээ
23 мин өмнө 3
Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
3 цагийн өмнө 64
Бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна
3 цагийн өмнө 23
Техникийн хяналтын үзлэгийн төв шинэ тоног төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
3 цагийн өмнө 26
Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна
3 цагийн өмнө 62
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
4 цагийн өмнө 63
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно
4 цагийн өмнө 27
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ
5 цагийн өмнө 62
Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
5 цагийн өмнө 28
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав
5 цагийн өмнө 61
Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд
7 цагийн өмнө 69
“Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
8 цагийн өмнө 37
“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав
8 цагийн өмнө 29
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
8 цагийн өмнө 31
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат олгохоор боллоо
8 цагийн өмнө 28
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна
8 цагийн өмнө 30
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны хамгийн сүүлийн башё өндөрлөлөө
8 цагийн өмнө 33
Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа
8 цагийн өмнө 31
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав
8 цагийн өмнө 33
1 / 1