2026.10.29 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санал солилцов

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг Төрийн ордонд хүлээн авч уулзан, салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Ц.Идэрбат уулзалтын эхэнд хамтын ажиллагааг бодит үр хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, БНСУ-аас Монгол Улсад, салбарт хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөр, хэрэгжүүлж байгаа төслүүдийн танилцуулж, талархал илэрхийлэв.

Монгол Улсын хувьд Бүгд Найрамдах Солонгос Улс нь эдийн засаг, технологи, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бодит боломж бүхий “Стратегийн түншлэл”-тэй чухал түнш юм. 

БНСУ-ын зүгээс “Монголын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох төсөл”, “Малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын тогтолцоо байгуулах төсөл”, “Халх голын бүсийн хөдөө аж ахуйн хөгжлийн төсөл”, “Ухаалаг хүлэмжийн цогцолбор байгуулах төсөл зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон Солонгосын хөдөө аж ахуйн төсөл хэрэгжүүлэх төв (KOPIA) байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж ирсэн нь манай улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд бодит үр дүнгээ өгөөд байгааг тэмдэглэж, БНСУ-ын ард түмэнд салбарын хамт олны нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан харилцан ойлголцлын 3 санамж бичгийн хэрэгжилтийг хангахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг уялдуулах “Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө аж ахуйн хамтарсан хороо”-ны Монголын талын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, шуурхай ажиллаж буйг дурдав.

Мөн тэрбээр Монгол Улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлого баримталж буйг онцлоод, дотоодод тарьж ургуулсан гурвалжин будаа, цагаан будаа, ногоон тэжээл, арвай, улаанбуудайн гурил, эмийн ургамлыг БНСУ-д экспортлоход хорио цээрийн стандарт, импортын квотыг хөнгөвчлөх, тэр дундаа гурвалжин будааг бага татварын квотод хамруулахад хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ. Түүнчлэн БНСУ-д албан айлчлал хийж, салбарын хамтын ажиллагаа, экспортын асуудлыг хэлэлцэхээ мэдэгдэв.

Элчин сайд Чой Жин Вон хүнс, хөдөө аж ахуйн салбарыг Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол тулгуур, өрсөлдөх чадвартай салбар гэж харж буйгаа илэрхийллээ. Тэрбээр цаашид "КОЙКА" болон "КОПИА"-ийн төслүүдийг нэгтгэн, Монгол Улсын мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилго бүхий нэгдсэн технологийн суурь баазыг бүрдүүлэх төслийг дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдав. Монгол Улс экспортын бараа бүтээгдэхүүнээрээ эхлээд дотоодын хэрэгцээгээ хангах нь чухал гэдгийг тэмдэглэв.

Мөн тэрбээр махны экспортын тухайд хоёр улсын хооронд байгуулж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүлээгдэж байна. Хэлэлцээр албажсанаар Монголын үхрийн махны 25-40 хувийн татварыг таван жилийн хугацаанд бүрэн чөлөөлөхөөр тусгасан. Тиймээс малын гоц халдварт өвчний асуудлыг шийдэж, БНСУ-ын стандартад нийцүүлэх шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн ХХААХҮ-ийн сайдын БНСУ-д хийх айлчлалыг үр дүнтэй, ажил хэрэгч болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Чой Жин Вон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ирэх оны 4-5 дугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх айлчлалаас өмнө уг эцэслэнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Сайд Ц.Идэрбат тус эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гурвалжин будаа, ногоон тэжээл болон хуш модны самрын экспортын асуудлыг тусгайлан дурдаж, хоёр улсын найрамдалт харилцааг өргөжүүлэхэд хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар гол хувь нэмрээ оруулна гэж зорьж буйгаа онцлов.

Мөн хуш модны самар зэрэг өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг агаарын тээврээр экспортлох нь хоёр улсын чиглэл дэх тээврийн зардлыг бууруулах ач холбогдолтойг тэмдэглэлээ. Ингэснээр БНСУ-аас бараа дүүрэн ирээд буцахдаа хоосон нисдэг агаарын хөлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлж, ложистикийн өртөг буурах бөгөөд улмаар худалдааны эргэлт нэмэгдэх боломжтойг Элчин сайд онцолсон юм. Үүнээс гадна Монгол Улс дотооддоо ахиу тариалдаг улаанбуудай, төмс зэрэг хямд үнэтэй, овор ихтэй бүтээгдэхүүнийг агаарын тээврээр бус, ложистикийн бусад хувилбараар тээвэрлэн экспортлох боломжтойг уулзалтын үеэр харилцан тэмдэглэлээ. 

Сэтгэгдэл 0
0/1000
Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан боллоо
57 мин өмнө 44
АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
1 цагийн өмнө 38
БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санал солилцов
1 цагийн өмнө 10
“Ромео, Жульетта” балетыг 11 дүгээр сарын 6,8-ны өдрүүдэд тоглоно
2 цагийн өмнө 14
Хэнтий аймгийн Батноров суманд 200 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2 цагийн өмнө 13
Хустайн байгалийн цогцолборт газар “Green destinations top 100 stories 2026” шалгаруулалтад шалгачээ
2 цагийн өмнө 44
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
2 цагийн өмнө 41
Гаагийн бага хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын конвенцын хэрэгжилтийг сайжруулна
3 цагийн өмнө 16
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ
3 цагийн өмнө 10
"Улаанбаатар" пянз бүтээжээ
3 цагийн өмнө 9
ЦЕГ: Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байсныг таслан зогсоожээ
3 цагийн өмнө 48
Эрүүл мэндийн байгууллагуудад томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэл өглөө
4 цагийн өмнө 13
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
4 цагийн өмнө 48
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ
2026-10-28 39
Замын ослоор 4 хүн нас барсан хэрэгт 396 сая төгрөгийг замын компаниас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлүүллээ
2026-10-28 63
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
2026-10-28 27
ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
2026-10-28 27
ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-28 65
Эдийн засгийн сэтгүүлчид: 2027 оны төсөв сонгуульд бэлтгэх хэрэгсэл болж байна
2026-10-28 36
Нийслэлийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээгээ зогсоож, хийн түлшинд шилжлээ
2026-10-28 60
1 / 1