БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам Монгол улсын хаягжилтын системийн туршлагыг гадаад орнуудад нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, хамгийн түрүүнд Монгол Улсад, цаашлаад Африк болон Төв Азийн таван улсад хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Korea.net-д нийтэлснээр БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ Ким Мин Жэгээр ахлуулсан мэргэжилтнүүдийн баг есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, манай улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх төслийг эхлүүлсэн байна.
Төлөөлөгчид Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Нарлагийн 24 дүгээр гудамж болон тус орчмын барилгуудад БНСУ-ын загварын гудамжны нэрийн тэмдэг, барилгын дугаарын самбар суурилуулсан байна.
Дэд сайд Ким Мин Жэ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяртай уулзаж, төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцон, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Уг төсөл нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу KOICA-гийн албан ёсны хөгжлийн тусламжийн санхүүжилтээр хэрэгжих бөгөөд 2029 он хүртэл нийт 11 тэрбум вон зарцуулж, Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
2024 оны есдүгээр сард БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хаягжилтын систем нэвтрүүлэх болон хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотод Сөүл хотын загвартай гудамжны нэрийн тэмдэг суурилуулж эхэлжээ.
Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү төслийн туршлагад үндэслэн БНСУ цаашид Африкийн Этиоп, Танзани, Ботсвана, Төв Азийн Узбекистан, Кыргызстан улсад ижил төстэй систем нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.
Уулзалтын үеэр Дэд сайд Ким Мин Жэ:
“Хаягийн мэдээлэл нь төрийн үйлчилгээг иргэдийн аюулгүй байдал болон өдөр тутмын амьдралтай холбодог үндэсний чухал дэд бүтэц болдог. Бид цахим засаглал, гамшгийн аюулгүй байдал, логистик зэрэг олон салбарт хаягийн мэдээллийг ашиглаж ирсэн БНСУ-ын туршлагаас Монгол Улстай хуваалцах болно” гэжээ.
Эх сурвалж: Korea.net
Одоогоор сэтгэгдэл алга.