Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас тав дахь удаагаа зохион байгуулж буй “Эмнэлгийн менежмент” олон улсын хурал 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Галериа Улаанбаатар” төвд боллоо.
Тус хуралд АШУҮИС-ийн эрдэмтэн, профессор багш нар, эмч, судлаачид, дотоод, гадаадын эрүүл мэндийн эдийн засгийн судлаач, шинжээчид болон эрүүл мэндийн салбарын 65 байгууллагын төлөөлөл оролцов. Нийт 350 оролцогч танхимаар, 281 оролцогч цахимаар оролцож, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо.
Хурлыг АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж нээж, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ нар мэндчилгээ дэвшүүлэв.




Энэ удаагийн хурал “Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл ба эмнэлгийн менежментэд хиймэл оюун ухаан хэрэглэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, эмнэлгийн удирдлага, менежмент, хиймэл оюун ухааны хэрэглээний асуудлыг олон улсын туршлага, судалгааны үр дүнд тулгуурлан хэлэлцлээ.
Үндсэн хуралдаанаар их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх менежмент, эрүүл мэндийн тогтолцооны хууль эрх зүйн шинэчлэл, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл, аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үеийн хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тогтолцоо, менежментийн олон улсын туршлагын талаар зургаан зочин илтгэл хэлэлцүүлэв.
Үдээс хойших салбар хуралдаанууд “Эмнэлгийн удирдлага, менежмент”, “Эмнэлзүйн удирдлага, менежмент” гэсэн хоёр чиглэлээр явагдаж, эхний салбар хуралдаанаар 10, хоёр дахь салбар хуралдаанаар 11 илтгэл хэлэлцүүллээ.
Хуралд нийт 80 илтгэл ирүүлсэнээс шилдэг 17 илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ.

Илтгэлүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, хүний нөөцийн хүртээмж, эмнэлгийн нөөцийн ашиглалт, санхүүгийн үр ашиг, чанарын менежментийн тогтолцоо зэрэг асуудлыг хөндөж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах боломж, тулгамдсан асуудал, цаашдын шийдлийн талаар судалгааны үр дүнг танилцуулсан юм. Мөн хиймэл оюун ухааныг дүрс оношилгоо болон эмнэлзүйн практикт ашиглах боломжийн талаар хэлэлцлээ.
“Эмнэлгийн менежмент” олон улсын хурал нь эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг дэмжих, эмнэлгийн удирдлага, менежментийн үр ашгийг дээшлүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэх, шинэ технологи, хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, практик хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.




Ивээн тэтгэлэгт мэдээ