БНХАУ-ын Шизаны өөртөө засах орны Драчен шяньд пүрэв гарагийн орой болсон 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хохирсон иргэдэд туслах аврах, тусламжийн ажиллагаа бямба гарагт үргэлжилж байна.
Орон нутгийн засаг захиргааны мэдээлснээр, газар хөдлөлт пүрэв гарагийн 22:33 цагт болж, 16 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэж бэртжээ. Мөн 339 байшин нурсан байна.
Эрх баригчид баасан гарагт эрэн хайх ажиллагааны гурван үе шатыг дуусгасан бөгөөд сураггүй болсон хүн одоогоор бүртгэгдээгүй гэж мэдээлжээ.
Бүс нутгийн засаг захиргаа гамшгийн үеийн аврах, тусламжийн бэлэн байдлын түвшнийг баасан гарагаас эхлэн II түвшинд хүргэж, аврах ажиллагаа болон гамшигт өртсөн иргэдэд үзүүлэх тусламжийг эрчимжүүлсэн байна.
Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Мариу суурингийн зарим тосгонд аврах багийнхан нурж эвдэрсэн барилгуудад эрэн хайх ажиллагаа явуулж, түр хоргодох байр байгуулан, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн хүргэж байна. Мөн сайн дурынхан тусламжийн ажилд нэгдэж, орон гэргүй болсон иргэдэд хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсээр тусалж байгаа аж.
Нагчу хотод төвөд хоолны ресторан ажиллуулдаг Сонан Нгүдруб газар хөдлөлтийн дараа гамшигт өртсөн тосгоны нэгэнд очиж, иргэдэд тусалжээ. Тэрээр “Би төвөд хоолны ресторан ажиллуулдаг. Бусдад туслахаас өөрөөр хийж чадах зүйл надад төдийлөн алга. Өдөр бүр 100-150 кг төвөд гоймонг үнэ төлбөргүй өгч, мөн шарсан арвайн гурил, амтат цайгаар иргэдийг хангаж чадна” хэмээн ярьсан байна.



Эх сурвалж: China daily