Казахстаны Астана хотноо чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьж буй ОУХМ М.Даваабанди дагах барилдаанд Беларусын Александр Гуревыг 10:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.Тэрээр медалийн төлөөх барилдаанд Гүржийн Вахтанг Лолуатай хүч үзнэ. Гүржийн бөх хагас шигшээд Азербайжаны Эльданиз Азизлид 1:5-аар ялагдсан юм.
М.Даваабанди 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д сонгомол бөхийн 55 кг-ын жинд анх удаа барилдаж, наймдугаар байрт шалгарч байлаа. Тэгвэл энэ удаа тэрээр насанд хүрэгчдийн сонгомол бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болох түүхэн боломжийн өмнө ирээд байна.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо